Skip to Main Navigation

Тойм

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улс ардчилсан нийгэмд шилжиж, нэг хүнд ногдох ДНБ-ий түвшнээ гурав дахин нэмэгдүүлээд байна. Монгол Улс ядуурлыг бууруулах чиглэлээр мөн томоохон ахиц дэвшил гаргаж, 2024 оны байдлаар дундаас дээш орлоготой оронд тооцогдох боллоо. Өнөөгийн нөхцөлд олон тооны, илүү чанартай ажлын байр бий болгох асуудал нэн чухал, ач холбогдолтой болж байна. Гэсэн хэдий ч хөдөлмөрийн зах зээл дээрх оролцоо, нэн ялангуяа залуучууд, эмэгтэйчүүдийн хувьд хангалтгүй хэвээр байна. Уул уурхайн экспорт огцом нэмэгдсэнээр хоёр дахь жилээ дараалан макро эдийн засаг, улсын төсөвт эерэг үр нөлөөллийг бий болгож байна. Гэвч энэ нь Монгол Улс хэлбэлзэл ихтэй уул уурхайн салбарын үйл ажиллагаанаас улам бүр хараат болсон, ойрын хугацаанд эдийн засгийг төрөлжүүлэх зайлшгүй шаардлагатайг илэрхийлнэ. Эдийн засгийн өсөлтийг нүүрсээр голчлон бүрдүүлж байгаа нь уур амьсгал, хөгжлийн чиглэлээр тулгарч буй бэрхшээлүүдийг улам хурцатгаж, улмаар бүтцийн шинэчлэл хийх нэн чухал хэрэгцээ байгааг тодотгож буй юм.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2023 оны 7.2 хувиас 2024 онд 5.3 хувь болж өмнөх оноос бага зэрэг удаашрах хэдий ч нүүрсний салбарыг дагаад харьцангуй өндөр түвшинд хадгалагдахаар байна. Цаашдаа 2025-2026 онуудад уул уурхайн үйлдвэрлэл, тэр дундаа Оюу толгойн зэсийн баяжмалын олборлолт их хэмжээгээр тэлснээр эдийн засгийн өсөлт дунджаар 6.3 хувь орчимд байх төлөвтэй. Энэ оны нэгдсэн төсвийн тодотголын хүрээнд төсөв тэлэхийн зэрэгцээ өрхийн орлого үргэлжлэн өсөж 2024 оны сүүлийн хагаст инфляцын дарамтыг нэмэгдүүлэх, улмаар ерөнхий инфляцын түвшин бага зэрэг өсөж болзошгүй. Экспортын түүхий эдийн үнэ буурах, төсвийн зарцуулалт өндөр хэвээр хадгалагдах, импортын бүтээгдэхүүний эрэлт өсөн нэмэгдэх зэрэг хүчин зүйлээс шалтгаалж нэгдсэн төсөв болон төлбөрийн тэнцэл дэх урсгал данс 2024 онд эргэн алдагдалд орж болзошгүй төлөв ажиглагдаж байна. Төсөв хүлээгдэж байснаас илүү хэмжээгээр тэлэх нь нэг талаас эдийн засгийн өсөлтийг дэмжих ч нөгөө талаас төсөв, урсгал дансны алдагдлыг тэлэх, инфляцын дарамтыг нэмэгдүүлэх үр дагавартай юм.

Монгол Улсад ядуурлын түвшин 2022 оны байдлаар 27.1 хувьтай байна. Улс орны амьжиргааны түвшин өөрчлөгдөж байгааг харгалзан үзэж 2022 оны тоон мэдээллийг ашиглан ядуурлын үндэсний шугамыг шинэчлэн тогтоолоо. Тодруулбал, 2022 оны байдлаар насанд хүрсэн нэг хүнд ногдох үндэсний ядуурлын шугамыг нэг сарын 418,090 төгрөг байхаар тогтоосон нь 2010 онд тогтоож байсан өмнөх ядуурлын шугам (2022 оны төгрөгөөр илэрхийлсэн дүн)-аас 40 хувиар өндөр түвшин юм. Дэлхийн Банкны дундаас доогуур орлоготой улс орнуудад тогтоодог ядуурлын шугам (2017 оны худалдан авах чадварын паритет дүнгээр тооцсоноор нэг өдрийн 3.65 ам.доллар)-тай харьцуулан авч үзэхэд 2022 онд Монгол Улсын нийт хүн амын 2.4 хувь ядууралд өртсөн байна. Дэлхийн Банкнаас хамтын хөгжил цэцэглэлтийг илэрхийлэх Хөгжил Дэвшлийн Зөрүү хэмээх шинэ хэмжүүрийг тооцож эхэлсэн бөгөөд энэ нь хөгжил цэцэглэлтийн стандарт болох нэг өдрийн 25 ам.долларт хүрэхийн тулд тухайн улсын хүн амын баялаг дунджаар хэр их хэмжээгээр өсөх шаардлагатайг илэрхийлдэг. Монгол Улсын хувьд хүн амын баялаг дунджаар 2.8 дахин нэмэгдэж байж хөгжил цэцэглэлтийн дээрх стандартад хүрэх тооцоололтой байна. Харин Жини индексээр хэмжигдэх тэгш бус байдлыг илэрхийлэх индекс 2022 оны байдлаар 31.4 байв.

Монгол Улс цаашид ядуурлыг бууруулах, хот, орон нутгийн бүх иргэдийг тэгш боломжоор хангах чиглэлд үргэлжлүүлэн ахиц дэвшил гаргах шаардлагатай байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2024.10.21

ДЭЛГЭРЭНГҮЙ

Нэмэлт мэдээлэл

Суурин төлөөлөгчийн газрын хаяг, утас

Утас: +(976) 7007 8200
Дэлхийн Банкны Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар, Сөүлийн гудамж - 4, M-Си-Эс Плаза, 5-р давхар
+1 202-473-4709
1818 H Street, N.W., Washington, DC 20433 U.S.A.