Skip to Main Navigation
BRIEF 2021.2.22

Монгол улсад коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг Дэлхийн Банк Группээс үзүүлж буй хариу арга хэмжээ

Image

  • Дэлхийн Банк Групп нь коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг хариу арга хэмжээ авахад улс орнуудад туслахаар түргэн шуурхай ажиллаж байна.
  • КОВИД-19 цар тахлын улмаас Монгол улсад үүсч буй сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэхийн тулд Дэлхийн Банк Засгийн газартай нягт хамтран ажиллаж байна.

Хөгжиж буй орнуудын санхүүжилт, мэдлэгийн хамгийн том эх үүсвэрийн нэг болох Дэлхийн Банк Групп (ДБГ) нь улс орнуудад цар тахлын эсрэг хариу арга хэмжээг бэхжүүлэхэд туслах арга хэмжээнүүдийг өргөн хүрээнд, түргэн шуурхай авч ажиллаж байна. Бид өвчний тандалт судалгааг өргөжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөр, арга хэмжээг сайжруулах, хувийн хэвшлийн байгууллагуудад үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэх, ажлын байрыг хадгалан үлдэхэд дэмжлэг үзүүлж байна. Ирэх 15 сарын хугацаанд Дэлхийн Банк Групп улс орнуудын ядуу, эмзэг бүлгийн иргэдийг хамгаалах, бизнесүүдийг дэмжих, эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд зориулан 160 тэрбум ам.доллар хүртэлх санхүүжилтийг дайчлах бөгөөд үүнээс 50 тэрбум долларыг ОУХА-ийн шинэ нөөцөөс буцалтгүй тусламж эсвэл нэн хөнгөлттэй зээлийн нөхцлөөр гаргана.

Монгол улсад КОВИД-19 цар тахлын улмаас үүсч буй сорилт бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд Дэлхийн Банк нь Засгийн газартай нягт хамтран ажиллаж байна.

  • Эрүүл мэндийн салбарт үзүүлэх дэмжлэг туслалцааны хувьд КОВИД-19 цар тахлын эсрэг ДБГ-ээс үзүүлэх эрүүл мэндийн яаралтай тусламжийн эхний багцад Монгол улс багтсан. Нийт 26.9 сая ам.долларын санхүүжилттэй Mонгол улсад КОВИД-19 цар тахалтай тэмцэх яаралтай тусламж, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлын төсөл нь цар тахал дэлхий дахинд дэгдэж буй энэ үед эрүүл мэндийн яаралтай тусламжийн хэрэгцээг хангах, цаашид эрүүл мэндийн хямралын нөхцөлд илүү бэлтгэлтэй байхад туслах юм.
  • Түүнчлэн одоо хэрэгжиж буй Цахим эрүүл мэнд төслийн хүрээнд нэн даруй шаардлагатай эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмжийг худалдан авахад зориулж 2.2 сая ам.долларын санхүүжүүлтийг хийхээр болсон.
  • Европын Холбооноос санхүүжүүлж буй Монгол улсад Засаглалыг бэхжүүлэх төслийн хүрээнд 750,000 ам.долларын (680,000 евро) санхүүжилтийг КОВИД-19 цар тахлын нөлөөллийг бууруулах зорилгоор цаг үеийн нөхцөл байдалд тохирсон илүү зорилтот арга хэмжээ авах боломжийг засгийн газарт олгох, тодруулбал цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг үнэлэх, төсвийн нөөцийг төлөвлөж мониторинг хийх, хариу арга хэмжээнд зарцуулах төсвийн хуваарилалт, зардлыг илүү оновчтой мөшгих зэрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд зориулан төслийн хөрөнгөөс эрэмбэллээ.
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн доорх санхүүжилтийг Засгийн газраас цар тахлын үед авч хэрэгжүүлж буй эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээг дэмжихэд зориулахаар болов. Энэ хүрээнд  15 сая ам.долларыг хувиараа  хөдөлмөр эрхлэгчид, бичил бизнес эрхлэгчид болон албан бус салбарт ажиллагсад зэрэг 120,000 орчим иргэдийг нийгмийн даатгалын шимтгэлээс таван сарын хугацаанд чөлөөлөхөд зарцуулна. Мөн төслийн доорх нийт 2.6 сая ам.долларын санхүүжилт бүхий бичил зээл олгох хөтөлбөрийн хүрээнд зээлдэгч нарт хямралын энэ цаг үед зээлийн хүүгийн төлбөрөөс түр хугацаанд чөлөөлөхөд дэмжлэг үзүүлнэ.
  • ОУХА-ийн 20 сая ам.долларын санхүүжилтийн дэмжлэгтэй Монгол улсад хэрэгжүүлэх  “Онцгой байдлын үеийн дэмжлэг ба хөдөлмөр эрхлэлтийн төсөл”  нь КОВИД-19 цар тахлаас үүдсэн хямралын энэ үед зохих шалгуурыг хангасан ажилчид болон ажил олгогчдод түр хугацааны дэмжлэг үзүүлж, ажил хайгчид болон бичил бизнес эрхлэгчдэд хөдөлмөрийн зах зээл дээрх боломжийг илүү хүртээмжтэй болгоход туслах юм. Төслийн нийт санхүүжилтээс 10 сая ам.доллар нь Нийгмийн даатгалын сангаар дамжуулан албан журмын нийгмийн даатгалд хамрагдсан, зохих шалгуур хангасан ажилчид болон ажил олгогчдыг нийгмийн даатгалын шимтгэлээс түр хугацаанд чөлөөлөх арга хэмжээнд зориулагдана.
  • Хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлд КОВИД-19 цар тахлын үзүүлж буй дам нөлөөг бууруулахын тулд Боловсролын Чанарын Шинэчлэл төслийн хүрээнд 5 сая ам.долларыг Хүүхдийн мөнгө хөтөлбөрийн санхүүжилтийг нөхөхөд зориулахаар болов. Хүүхдийн мөнгө хөтөлбөрт нийт 1.19 сая орчим хүүхэд хамрагдаж байна. Төслийн санхүүжилтийг хийхдээ Засгийн газрын одоо ашиглагдаж буй халамжийн хөтөлбөрийн төлбөр, хүний нөөц, дэд бүтцийг ашиглах бөгөөд ингэснээр уг туслалцаа айл өрхүүдэд түргэн шуурхай, хамгийн бага зардлаар хүрэх юм.
  • КОВИД-19 цар тахлаас сэргийлэх, бэлэн байдлыг хангах Монгол Улсын чадавхийг бэхжүүлэхийн тулд Цар тахлын онцгой байдлын сангаас 1 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Дэлхийн Банк олгохоор болов. Тус санхүүжилтийг нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж болон хяналт шалгалтын эрсдэлтэй цэгүүд дээр ажиллаж буй албан хаагчид, эрүүл мэндийн салбарын ажилчдад хувийн хамгаалах хэрэгсэл худалдан авахад зарцуулна. 
  • Экспортыг дэмжих төслийн хүрээнд 1.5 сая ам.долларын санхүүжилтийг албан журмын нийгмийн даатгалд хамрагдсан, зохих шалгуур хангасан ажил олгогч болон ажилчдыг ажилгүйдлийн даатгалын шимтгэлээс түр хугацаанд чөлөөлөх Засгийн газрын арга хэмжээг дэмжихэд зориулахаар болов. Энэ хүрээнд КОВИД-19-ын сөрөг нөлөөнд өртөж, борлуулалт нь их хэмжээгээр буурсан (50 бөгөөд түүнээс дээш хувиар буурсан) ч ажлын байраа хадгалж үлдсэн уул уурхайн бус салбарын ЖДҮ-үүдийг шууд бусаар дэмжих юм. 7,000 орчим даатгалд хамрагдсан ажилчид бүхий уул уурхайн бус салбарын 300 ЖДҮ-үүд энэхүү арга хэмжээнээс үр шим хүртэхээр байна.
  • Ухаалаг засаг төслийн хүрээнд хагас сая орчим ам.долларыг мэдээллийн технологийн шийдлүүдийг ашиглан КOВИД-19 цар тахлын хүндрэлийг даван туулахад зарцуулж байна. Үүнд төрийн байгууллагын онлайн видео хурлын нэгдсэн шийдлийг нэвтрүүлэх, онцгой байдлын нөхцөлд тээврийн хэрэгслийг хянах төхөөрөмж болон интернетийн сүлжээ үүсгэх төхөөрөмжийг нийлүүлэх болон цар тахлын дэглэмийн интернетийн хэрэглээ, цахим халдлага нэмэгдэж байгаатай холбогдуулан төрийн цахим үйлчилгээний системийн хамгаалалтыг бэхжүүлэх ажлууд багтаж байна.
  • Mонгол Улсад КОВИД-19 цар тахалтай тэмцэх яаралтай тусламж, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлын төсөлд баталсан 50.7 сая ам.долларын нэмэлт санхүүжилт нь цар тахлын эсрэг вакциныг харьцангуй хямд өртгөөр, тэгш хүртээмжтэй нийлүүлэхэд Монгол Улсад дэмжлэг үзүүлэх юм. Тус санхүүжилт нь хүн амынхаа 60-с доошгүй хувийг вакцинд хамруулах Засгийн газрын бодлого төлөвлөгөөг дэмжин, КОВИД-19-ийн эсрэг вакциныг худалдан авах, иргэдэд хүргэх (үүнд хүйтэн хэлхээ, вакцины тээвэрлэлт, логистикийн шийдлүүдийг сайжруулах, ажилчдыг сургах, олон нийтийн мэдээллийн кампанит ажлыг зохион байгуулах зэрэг багтана) үйл ажиллагааг санхүүжүүлнэ.  

Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийн эдийн засгийн тойм (2020 оны 10-р сар)  тайлан нь КОВИД-19 цар тахлын тус бүс нутагт үзүүлэх эдийн засгийн нөлөөллийг судалж, улс орнууд нөлөөллийг бууруулах бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, ялангуяа ядуу, эмзэг бүлгийн иргэдийг хамгаалахад онцгойлон анхаарал хандуулахыг зөвлөжээ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2021.2.22